Дүрэм, журам

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дүрэм болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч, албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг томилох, чөлөөлөх, албан тушаалаас түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнал, тэтгэмж, тусламж олгох, мэргэшлийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоохтой холбогдсон харилцаа болон бусад харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2. Хүнс, хөдөө аж ахуйн газрын зохион байгуулалтын бүтцийн дотоод нэгж, дотоод нэгжийн албан хаагчид энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг нэг мөр дагаж мөрдөнө.

1.3. Журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг Захиргаа, аж ахуйн албаны хүний нөөц, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ажилтан зохион байгуулж, хяналт тавина.

ХОЁР.  ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН БҮТЭЦ, УДИРДЛАГА,

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Захиргаа, аж ахуйн алба, Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний алба, Мал үржлийн албадаас бүрдэнэ.

           2.2. Хүнс, хөдөө аж ахуйн газрыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /цаашид газрын дарга гэх/ удирдана.

           2.3. Газрын даргын түр эзгүйд түүний албан үүргийг газрын даргын томилсон аль нэг нэгжийн менежер гүйцэтгэх бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

           2.4. Газрын дарга нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбогдох асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

           2.5. Нэгжийн менежерийн эзгүйд газрын даргын үүрэг болгосноор албаны аль нэг мэргэжилтэн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргана.

           2.6. Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг  газрын даргын тушаалаар томилох бөгөөд ажлын хэсэг нь ажлын байрны шинжилгээг хийж, төслийг бэлтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн хянуулж, журмын дагуу баталгаажуулна.

           2.7. Газрын даргын шууд удирдлагад газрын даргын зөвлөл, дотоод хяналтын баг болон ёс зүйн зөвлөл ажиллана.  Газрын даргын шийдвэрээр байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зорилгоор дотооддоо баг байгуулан ажиллуулж болно.

           2.8. Байгууллагын дотоод нэгжүүдийн ажлын товч тайлан, төлөвлөгөө, албан хаагчдад үүрэг даалгавар өгөх, түүний биелэлтийг сонсох, цаг үеийн асуудлаар газрын дарга байгууллагын шуурхай хурлыг 7 хоног тутам зохион байгуулна.

           2.9. Албан хаагчдын шуурхай хурлын бэлтгэл ажил, хурлаар хэлэлцсэн ажил, арга хэмжээ, үүрэг, даалгаврыг Захиргаа, аж ахуйн алба хариуцан зохион байгуулж, тэмдэглэл хөтлөн, хэрэгжилтэд хяналт тавих ба төрийн албан хаагчийн сар бүрийн тайланг баталгаажуулахдаа нэгжийн менежер гүйцэтгэлийн үр дүнг тооцож ажиллана.

           2.10. Албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд нэгжийн менежер хяналт тавих ба цаг ашиглалтын талаар сар бүрийн эцсийн 7 хоногт байгууллагын шуурхай хуралд танилцуулна.

           2.11. Хүнс, хөдөө аж ахуйн газрын тэмдгийг газрын дарга, архивын хуулбар үнэн тэмдэг, байгууллагын бичиг хэрэгт ашиглагдаж байгаа дардасуудыг Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан нар тус тус түшнэ.

           2.12. Тэмдэг, дардас түшиж буй албан хаагчид тэмдэг, дардсыг хадгалалт, хамгаалалтын нөхцлийг хангасан шүүгээнд хадгалж, ашиглалтад хяналт тавих асуудлыг бүрэн хариуцна.

           2.13. Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг тухайн оны 01 дүгээр сард багтаан Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан газрын даргаар батлуулан, албан хаагчдад танилцуулна. Оны эцэст албад хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын нэгжийг архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Байгууллагын архивт мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

           2.14. Архивын тухай хуулийн дагуу албан хаагч, иргэд шаардлагатай баримт бичгийг архиваас лавлагаа, хуулбарыг авах бол газрын даргын гарын үсэг бүхий зөвшөөрлийн хуудсаар авна.

           2.15. Газрын хэвлэмэл хуудасны бүртгэл, зарцуулалт, гаднаас ирж буй болон явж буй албан бичгийн бүртгэлийг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэх бөгөөд Захиргаа, аж ахуйн алба хяналт тавина.

2.16.  Албаны бичиг баримт боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагаа нь Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, түүнчлэн Стандарчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан баримт бичгийн стандарт /MNS 5140, 5141, 5142-2011/-ын дагуу  явагдана.

2.17.  Шийдвэр гаргах, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, албан бичгийн төслийг боловсруулж гаргахадаа дагалдах хуудсаар зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараар хянуулж санал, дүгнэлт авч, Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллана.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ,

ТАЙЛАГНАЛТ, АЖИЛ ДҮГНЭХ

          3.1. Төсвийн шууд захирагч нь салбарын хууль тогтоомж, тухайн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын стратегийн төлөвлөгөө, тэдгээртэй байгуулсан гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө нь болно.

          3.2. Нэгжийн менежерүүд газрын даргатай, төрийн албан хаагчид шууд харъяалах нэгжийн менежертэй гэрээг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөө гарган ажиллах ба тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчид улирлаар төлөвлөж, харъяалагдах нэгжийн менежер болон газрын даргаар батлуулан, хэрэгжилтийг сар бүр тайлагнана.

            3.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална. Төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр газрын даргын зөвлөлд тайлагнана.

          3.4. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүний биелэлт болон төсвийн ерөнхийлөн  захирагчдын ажлын албанаас гүйцэтгэх Хяналт, шинжилгээ үнэлгээний бэлтгэл ажлыг Захиргаа аж ахуйн албаны дарга, хүний нөөц, тайлан, мэдээ хариуцсан албан хаагч даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, үр дүнг сайжруулах, гүйцэтгэлийг тооцох үйл ажиллагааг зохион байгуулна. Батлагдсан хуваарийн дагуу үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр үнэлнэ.

          3.5. Байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгжийн менежер улирал тутамд тайлагнахдаа газрын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэхээс ажлын 5 хоногийн өмнө Захиргаа, аж ахуйн албанд хүргүүлсэн байна.

          3.6. Сарын ажлын болон цаг үеийн тайлан мэдээ, шаардлагатай судалгааг ажлын 1 өдрийн өмнө, зайлшгүй шаардлагаар яаралтай болон шуурхай мэдээлэл өгөх бол тухайн цаг хугацаанд нэн даруй Захиргаа, аж ахуйн албанд хүргүүлэх ба тухайн алба, төрийн албан хаагчаас шаардлага хангаагүй, хугацаа хоцорсон, бодит бус тайлан, мэдээг хүлээн авахаас татгалзах, холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох саналыг Захиргаа, аж ахуйн албаны даргаас газрын даргад тавьж шийдвэрлүүлнэ.

          3.7. Байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгж буюу багуудын ажлын тайлан, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд нэгдсэн дүнгээр танилцуулах, шаардлагатай тохиолдолд болон газрын даргын үүрэг болгосноор тусгайлан тайланг хэлэлцүүлж болно.

          3.8  Дотоод зохион байгуулалтын нэгж буюу багийн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө нь байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үр дүнг мэдэгдэхүйц сайжруулсан, хамт олондоо эерэгээр нөлөөлж, ажлын бүтээмж, албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан бол албан хаагчдад шагнал, урамшуулал олгож болно. Урамшууллыг тухайн жилийн төсөвтэй уялдуулан газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

          3.9. Төсөв хөрөнгөтэй холбоотой ажил, үйлчилгээний талаарх саналаа жил бүрийн 7 сарын 05-ны дотор санхүүгийн ажилтанд бичгээр гарган өгч, санхүүгийн ажилтан ирэх оны төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлыг нэгтгэн, ХХААХҮЯ-нд хугацаанд нь хүргүүлнэ.

ДӨРӨВ. АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ, АЛБАН ТУШААЛААС ТҮР ЧӨЛӨӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ХАЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ, АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ

         4.1. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх, түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

         4.2. Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нөхөн томилуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны тухай хууль, холбогдох журам, дүрмийн дагуу нөхөн томилно.

         4.3. Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, тухайн албан тушаалын шаардлагад нийцэх мэргэжлийн болон ажлын ур чадвар, мэргэшил, туршлага, зан харьцаа, ёс зүй зэргийг харгалзан чадахуйн зарчмыг баримтлан газрын даргын тушаалаар томилж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.

         4.4. Албан тушаалын сул оронд нөхөн томилогдсон албан хаагчид туршилтын хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу, төрийн үйлчилгээний албан тушаалд 3 сараар тооцож болно.

         4.5. Хүнс, хөдөө аж ахуйн газарт шинээр орж байгаа албан хаагчдад Хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч энэхүү хөдөлмөрийн дотоод журам, тухайн албан тушаалын тодорхойлолт, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг эхний 3 хоногт багтаан танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулна.

         4.6. Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг тухайн албан хаагч өөрөө хариуцан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан бүрдүүлнэ. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх үүргийг Хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч хариуцаж, бүрдлийг хянах, баяжуулах, хадгалах, шилжүүлэх, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах үүргийг хүлээнэ.

         4.7. Төрийн албан хаагчийг өөрийн хүсэлт, эсхүл захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлсөн, чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн тохиолдолд газрын даргын тушаал гаргана. Тушаалд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг томилж, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан буюу шилжиж буй албан хаагчдаас хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, файлын сан, баримт бичиг, техник хэрэгсэл, эд хөрөнгийг хүлээлцүүлэн акт, тэмдэглэл үйлдэнэ.

         4.8. Ажлаа хүлээлгэн өгч байгаа албан тушаалтан “Тойрох хуудас” бөглүүлэх ба санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн шийдвэрийн 1 хувийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэргийг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулах ба албан тушаалын тодорхойлолтыг заавал авч үлдэнэ. Хавсралт 1

         4.9. Албан хаагчийг дараах үндэслэлээр шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар шийдвэр гаргана.

         4.9.1. Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн

         4.9.2. Хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах

         4.9.3. Албан хаагчийн мэдлэг, мэргэшил, ур чадвараа хөгжүүлэх, ажлын байран дээр суралцах хүсэлтийг харгалзан

         4.9.4. Ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн

         4.10. Төрийн албаны хууль болон журмын дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх газрын даргын тушаал гаргана.

         4.11. Байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх

ТАВ. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ

         5.1. Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, цалин санд багтаан батлах;

         5.2. Албан хаагчдаас албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хууль тогтоомж, төрийн албаны стандарт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгасан үүргийг биелүүлэхийг шаардах;

         5.3. Албан тушаалын чиг үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулж, хэвийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах;

         5.4. Иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй үйлчлэх зарчмыг удирдлага болгож ажиллах;

         5.5. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг сар бүр нэгжийн менежерээр дүгнүүлж, улирал бүр газрын даргын зөвлөлд хэлэлцүүлэн үнэлэх ба шагнал урамшуулал олгох,/цалин сандаа багтаан/ ажлын үр дүнг харгалзан цалин хөлс, зэрэг дэв, ур чадвар, мэргэшлийн зэрэг болон бусад нэмэгдэл олгох, сахилгын шийтгэл ногдуулах, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, түр хугацаагаар сэлгүүлэн ажиллуулах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг асуудлыг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэх;

         5.6. Албан хаагчдын ажилдаа ирэх болон буцах нийтийн унааны зардал болон хоолны зардлын тодорхой хувийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу албан хаагчдад сар тутамд олгох;

         5.7. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд тогтмол хяналт тавих;

         5.8. Хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд энэ журмын 8 дахь хэсэгт заасан хориглосон үйлдлийг санаатай болон санамсаргүй үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж тооцон сахилгын шийтгэл оногдуулах;

         5.9. Албан хаагчийн санал, хүсэлтийг хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэх;

         5.10. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ажлын байрны стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах;

         5.11 Байгууллагаас гарах мэдээ, тайлан болон бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрийн боловсруулалт, чанар, хугацаанд нь шийдвэрлэсэн байдалд тогтмол хяналт тавьж, нэгжийн менежерийн сар бүрийн үнэлгээ, улирал бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнг харгалзан тухайн албан хаагчийн мэргэшил, ур чадварын үнэлгээнд оруулан тооцох;

         5.12. Байгууллагын жилийн цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувиар ахмадын сан байгуулж, зориулалтаар нь зарцуулах.

         5.13. Байгууллагын туслах аж ахуй, төсвийн зардлаас албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон баяр ёслолын үйл ажиллагаанд зохих тоо хэмжээг тогтоосон тушаал  гарган,  зарцуулж болно;

         5.14. Туслах аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаа, малын чанарыг сайжруулахад Мал үржлийн алба голлох үүрэг хүлээх ба малчинд олгох цалинг малчинтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулна.

         5.15. Газрын даргын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг бүрэн хариуцна.

         5.16. Бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх

         5.17. Ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг хуулийн хугацаанд барагдуулах;

         5.18. Албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаарх гомдол мэдээллийг нэн даруй хуулийн байгууллагад шилжүүлэх, хамгаалуулах;

5.19. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн, мөн байгууллагын нэгж хооронд сэлгэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх

       5.20. Жендерийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, жендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн салбарын яам болон бусад эрх бүхий байгууллагын баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

        5.21. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх

ЗУРГАА. НЭГЖИЙН МЕНЕЖЕРИЙН ЭРХ, ҮҮРЭГ

           6.1. Шинээр ажилд орсон албан хаагчийг ажлын байранд сургах, дадлагажуулах,  ажлын бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээг удирдах, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийн манлайллыг төлөвшүүлэх, шинэ албан хаагчдад үлгэр дууриал болж ажиллах;

           6.2. Албан хаагчийг ажиллах нөхцлийг бүрдүүлэх саналыг холбогдох албан тушаалтанд тавих, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргах;

           6.3. Ажлын шаардлага, урьд амарсан хугацаа, албан хаагчийн саналыг харгалзан ээлжийн амралтын хуваарийн төслийг Захиргаа, аж ахуйн албаны хариуцсан ажилтанд гаргаж өгөх, амралтаа биеэр эдлэхэд нь хяналт тавьж ажиллах;

           6.4. Байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй сургалт, соёл хүмүүжлийн арга хэмжээ, аж ахуйн болон орчны тохижилт зэрэг ажилд хамт олноо зохион байгуулж, манлайлан оролцох;

           6.5. Үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж буй албан хаагчийг шагнуулах, урамшуулах саналыг газрын даргын Зөвлөлийн хуралд танилцуулах;

           6.6. Албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг шагнаж урамшуулах, дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, зэрэг дэв, ур чадвар, мэргэшлийн зэрэг болон бусад нэмэгдэл олгох асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд саналаа газрын даргад уламжлах;

           6.7. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам,  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, зөрчлийг хянан шийдвэрлэх талаар байгууллагын ёс зүйн зөвлөл, газрын даргын Зөвлөлийн хуралд санал оруулах, шийдвэр гаргуулах;

           6.8. Байгууллагын дэг журам, соёл, хамт олны уур амьсгалыг зөв бүрдүүлэхэд манлайлах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулахад өдөр тутамд хяналт тавих.

ДОЛОО. АЛБАН ХААГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

           7.1. Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх зорилгоо чанд сахиж, мөрдлөг болгон ажиллах;

           7.2. Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн зорилтод тусгагдсан үүргээ шалгуур үзүүлэлт бүрээр хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, удирдлагаас хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэх;

           7.3. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, журам, зааврыг чанд мөрдөж ажиллах;

           7.4. Цалин нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, ажлаа сар бүр үнэлүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангахад дэмжлэг авах, шагнал урамшил, тэтгэмж, тусламж авах, дотоод, гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт гаргаж, дээд шатны удирдах албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх, цалин хөлсний нэмэгдлээ шаардах, албан тушаалын зэрэглэл, шатлалаа ахиулах;

           7.5. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой дарамт шахалт, шударга бус үйл явдлыг ил тодоор шүүмжлэх, гомдол мэдээлэл гаргах, холбогдох дээд шатны байгууллага болон хууль хяналтын байгууллагад хандах, хууль ёсны эрхээ эдлэх, хамгаалуулах;

           7.6. Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлага гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, шинэ санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;

           7.7. Хуулиар хориглоогүй ажил эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;

           7.8. Албан хаагчид нь ажил үүргийнхээ дагуу олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах;

           7.9. Иргэд, үйлчлүүлэгчидтэй зөв, соёлтой харьцаж, аливаа асуудлаар хууль, эрх зүйн хүрээнд мэдээлэл, лавлагаа, зөвлөгөө өгөх, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх;

           7.10. Байгууллагын өмч, картаар эзэмшүүлсэн эд хөрөнгө, ажлын багаж, машин техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалтыг бүрэн хариуцаж, хэвийн ажиллагаатай байлгах, өөрийн буруугаас хохирол учруулсан тохиолдолд Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх;

           7.11. Албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил үүргээ гүйцэтгэж, баримт бичиг, мэдээ тайланг үйлдэхдээ архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, үндсэн зааврыг баримтлах;

           7.12. Хурал, соёл урлаг, биеийн тамирын уралдаан тэмцээн болон нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа  нийтийг хамарсан аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцох;

          7.13. Өглөө ажилдаа ирэх, үдийн цайны завсарлага болон ажлын өдөр дуусахад өөрийн биеэр цагаа тогтмол бүртгэх бөгөөд гадуур ажилтай, хөдөө, сумдад ажиллах тохиолдолд гадуур ажлын дэвтэрт удирдамж, ажлын чиглэл, хаана ажиллахыг товч тэмдэглэн, нэгжийн менежер, эсхүл газрын даргаар баталгаажуулна.

           7.14. Байгууллагын төсөв зардлыг хэмнэж, ажлын байрны ариун цэвэр, соёлч, эмх цэгцтэй байдлыг дээшлүүлэх талаар анхаарал тавьж, санаачлагатай ажиллах;

           7.15. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавруудыг үйл ажиллагаандаа чанд сахиж мөрдөх;

           7.16. Албаны техник хэрэгсэл, эд хөрөнгийг байгууллагын байрнаас зөвшөөрөлгүй гаргахгүй байх, хэрэв багаж, төхөөрөмжийг үрэгдүүлсэн, буруу ашиглалтын улмаас эвдэрсэн тохиолдолд буруутай этгээд нөхөн төлөх, засварлуулах үүрэг хүлээнэ;

           7.17. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээх,  ажлаас чөлөөлөгдөх, халагдах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тохиолдолд өөрийн эзэмшилд байгаа байгууллагын өмч хөрөнгийг ажил хүлээлцэх ажлын хэсэгт бүрэн хүлээлгэн өгөх;.

НАЙМ. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

           8.1. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд зааснаас гадна дараах зүйлсийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглоно;

           8.1.1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох хууль тогтоомж,  журмуудыг зөрчих;

           8.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил таслах, чөлөөний хугацааг хэтрүүлэх, удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхиж явах;

           8.1.3. Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй бөгөөд, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахгүй байх;

           8.1.4. Ажлын байранд бусадтай маргалдах, зодоон хийх, хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, хараалын үг хэллэг хэрэглэх, худал мэдээлэл тараах, бусдыг айлган сүрдүүлэх, танхайрах зэрэг зохисгүй үйлдэл гаргах;

           8.1.5. Өөрийн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэх ажлыг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлснээс байгууллагын хэвийн үйл  ажиллагааг алдагдуулах;

           8.1.6. Төр, байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээрийн нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглах

           8.1.7. Албаны техник хэрэгсэл, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашиглах, байгууллагын байрнаас зөвшөөрөлгүй гаргах болон оруулах, эвдэж гэмтээх, шамшигдуулах, хохирол учруулах;

           8.1.8. Албан хаагчид байгууллагаас картаар хүлээлгэн өгсөн компьютерийн санамжид байгаа мэдээллийг санаатайгаар устгах, гэмтээх, хуулбарлах, хувийн зорилгоор ашиглах, бусдад мэдээлэх, дамжуулах;

           8.1.9. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ивээн тэтгүүлэх, давуу эрх олгох, хувийн зорилгодоо ашиглах;

           8.1.10. Төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн, зөвшөөрөгдөөгүй унаа тээврээр, шөнийн цагаар \22.00-06.00\ зорчихгүй байх, албан ёсны зөвшөөрөгдсөн хот хоорондын нийтийн тээвэр, галт тэрэг, онгоц, албан унаагаар батлагдсан маршрут, төсвийн дагуу зорчиж байх

           8.1.11. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахдаа байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр томилолтоор ажиллах, ажлын хэсэгт орж албан үүрэг гүйцэтгэх;

           8.1.12. Төслийн шатанд боловсруулагдаж байгаа батлагдаагүй баримт бичгийн шийдвэрийн төслийг зөвхөн албан ажлын журмаар ашиглах бөгөөд батлагдаагүй, эцэслэн шийдвэрлээгүй мэдээллийг гадагш мэдээлэхгүй.

           8.1.13. Байгууллагын албан хэрэгцээний компьютер, мэдээллийг зөөвөрлөх, хадгалах төхөөрөмжийг удирдлагын зөвшөөрөлгүй гадагш нь гаргах, мэдээллийн нууцыг задруулах, мэдээллийг устгах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд үр дагаврыг тухайн албан хаагч өөрөө хариуцах;

           8.1.14 албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих.

Ес. Ажил, амралтын цаг, чөлөө олгох

           9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу долоо хоногийн ажлын цагийн нийт хэмжээ 40 цаг байна. Ажлын өдөр 8 цаг байх бөгөөд ажлын өдөр өглөө 08:30 цагт эхэлж, орой 17:30 цагт дуусна. Үдийн завсарлага 12:30-13:30 цагийн хооронд байна.

          9.2. Албан хаагчдын цагийн бүртгэлийн нэгдсэн тайланг сар бүрийн 25-нд гаргаж, газрын даргаар хянуулна.

          9.4. Албан хаагч ажилдаа ирж чадахгүй шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй, гадуур ажиллах бүртгэлд бүртгүүлээгүй ажлын байраа орхин гарсан, албан ёсны эмчийн магадлагаагүй бол ажил тасалсанд тооцно.

          9.5. Албан хаагчдын цагийг хурууны хээ унших төхөөрөмжөөр бүртгэх ба цаг ашиглалтын байдал, бүтээмжид нэгжийн менежерүүд өдөр тутмын хяналт тавьж ажиллана.

          9.6. Албан хаагчдын дараах тохиолдлуудыг ажил тасалсанд хамааруулна. Үүнд:

          9.6.1. Албан хаагч харъяа нэгжийн даргад, нэгжийн дарга нар газрын даргад мэдэгдэлгүй, ажлын байрыг 3 цагаас дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг;

          9.6.2. Ээлжийн амралтын болон чөлөөний хугацаа хэтрүүлсэн /хэтэрсэн хоногийн тоогоор/;

          9.6.3. Албан ёсоор зөвшөөрөл аваагүй, урьдчилан мэдэгдэлгүй аймгийн нутгаас гарч явахдаа утсаар мэдээлэл өгөх;

          9.6.4. Ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан тохиолдолд ажилд тасалсанд тооцно.

          9.7. Албан хаагч нь чөлөө олгох хүсэлтийг заавал бичгээр гаргана. Хавсралт 2

          9.8. Албан хаагчдын чөлөө хүссэн өргөдлийг Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан хүлээн авч, газрын даргаар цохолт хийлгэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд шилжүүлэн өгнө.

          9.9. Газрын дарга 5-аас дээш хоногийн чөлөө олгохдоо тушаал гаргах ба цалинтай эсэх асуудлыг шийдвэрт тусгана;

          9.10. Дараахь тохиолдолд албан хаагчдад ажлын 22 хүртэлх хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгоно. Үүнд:

          9.10.1. Төрийн албан хаагч өөрөө болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх болсон тохиолдолд;

          9.10.2. Асрамжинд нь байдаг хүнээ эмнэлэгт үзүүлэх, сахих, асрах шаардлагатай тохиолдолд;

          9.10.3. Албан хаагчийн эхнэр, нөхөр, хүүхэд, болон төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү өвөө, эмээ, хадам эцэг эх нь нас барсан тохиолдолд;

          9.10.4. Шинээр орон сууц /гэр барих/-д орох, шинээр гэр бүл болох, үр хүүхэд нь хурим хийх тохиолдолд;

  • Албан хаагч өөрөө болон асрамжинд байдаг гэр бүлийн гишүүн нь урлаг, соёл, спортын улс, бүсийн чанартай наадам, тэмцээнд оролцоход;
  • Шинэ хүүхэд мэндэлсэн, эсхүл гэр бүлээ богино хугацаанд асрах шаардлагатай болсон эцэгт;
  • Албан хаагчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдийн төрсөн өдрөөр / 2019 оны 11 сарын 23-ний хамт олны хурлын шийдвэрээр нэмсэн/
  • Албан хаагч өөрөө болон 16 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмнэлгийн магадлагаа авсан байна.
  • Албан хаагч үндсэн ажлынхаа зэрэгцээ өөр мэргэжлийн чиглэлээр өөрийн хүсэлтээр суралцах болсон тохиолдолд түүний бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн 3 сарын цалингүй чөлөөг олгож болох бөгөөд түүнээс дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд үүрэгт ажлаас түр чөлөөлнө
  • Албан хаагч өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын дагуу мэргэшихээр суралцах тохиолдолд цалин сангийн хүрэлцээтэй нөхцөлд түүний бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн цалинтай чөлөө олгож болох бөгөөд хугацаа нь 9.12-т заасны дагуу зохицуулагдана.
  • Хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан албан хаагчдаас санал авч, тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийн төслийг гаргаж, газрын даргад танилцуулах ба тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын ачаалалыг харгалзан газрын дарга тухайн албан хаагч бүртэй тохиролцон ээлжийн амралтын хуваарийг эцэслэн шийдвэрлэж, тушаалаар баталгаажуулна. Хавсралт 3
  • Ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах бол тухайн албан хаагч өөрөө бичгээр хүсэлт гаргаж, эсхүл захиргааны санаачлагаар өөрчлөх бол зайлшгүй шаардлага, нөхцлийг дурьдаж, газрын даргын тушаалд өөрчлөлт оруулна.
  • Шинээр ажилд орсон албан хаагч болон өөр байгууллагаас сэлгэн, шилжиж ирсэн албан хаагчийн ээлжийн амралт авах эрх нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 8 сарын дараа үүснэ.
  • Ээлжийн амралт хоорондын хугацаа 6 сараас дээш байна. Амралтын хугацаанд ажлын зайлшгүй шаардлагаар дуудан ажиллуулах бол заавал газрын даргын тушаал гаргана.
  • Ээлжийн амралтын хуваарийн дагуу Хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан сар бүр амралт олгох мэдэгдэх хуудсыг гаргаж, уг мэдэгдлийг газрын даргаар батлуулахын зэрэгцээ, тухайн албан хаагч амрахаас өмнө дуусгах ажил, графикт мэдээ, тайлан, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүргийн биелэлтийг мэдээ, тайлан хариуцсан албан хаагчтай тооцоо хийж, тойрох хуудсыг бөглүүлсний дараа нягтлан бодогчид шилжүүлэн мөнгөн олговрыг олгоно.
  • Албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсэгт заасан нөхцөл байдлыг үндэслэн захиргааны шийдвэрээр илүү цагаар буюу нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл ээлжийн амралтын өдөртэй хамтатгаж болно.
  • Ажлын зайлшгүй шаардлага гарч, захиргааны шийдвэрээр ээлжийн амралтыг биеэр эдлээгүй албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.
  • Албан хаагч ажлаас түр чөлөөлөгдөх, чөлөөлөгдөх, шилжих, сэлгэх тохиолдолд түүнтэй тойрох хуудсаар тооцоо нийлж, ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.
  • Албан хаагчид жирэмсний болон амаржсан, хүүхэд асрах чөлөөг олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ;

АРАВ.ЦАЛИН ХӨЛС

  • Албан хаагчдын цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Албан хаагчийн албан тушаалын үндсэн цалинг албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэх ажил үүрэгтэй нь уялдуулан Засгийн газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээ, жишгийг үндэслэн газрын даргын тушаалаар тогтооно.
  • Ээлжийн амралттай, 3 сараас дээш хугацаагаар суралцахаар явсан, эмнэлэгийн чөлөөтэй зэрэг эзгүй байгаа албан хаагчийн үүргийг Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-ыг баримтална.
  • Албан хаагчдын цалин хөлсийг сард 2 удаа буюу сар бүрийн 10, 26-ны өдрийн дотор, хэрэв амралтын буюу нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр олгоно.
  • Цалин хөлс олгох үндсэн баримт нь цагийн бүртгэлийн нэгдсэн баланс, энэ журам болон бусад журмаар зохицуулсан үндэслэл, нөхцлүүд байна.

АРВАН НЭГ. АЛБАН ТОМИЛОЛТ

  • Албан хаагчид удирдах дээд байгууллагын шийдвэр, сургалтын нэгдсэн төлөвлөгөө, албан ажлын шаардлагаар томилолтоор ажиллах ба газрын даргын зөвшөөрсний дагуу, байгууллагын албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнаас хэд хоног, хаана ажиллах талаар тэмдэглэл  хийсэн албан томилолтыг авч, газрын даргаар баталгаажуулна.
  • Томилолтын хугацааг сунгах, хугацаанаас өмнө албан хаагчийг дуудан ирүүлэхийг томилолт олгосон дарга шийдвэрлэнэ.
  • Албан хаагчид томилолтоор ажиллаж ирснээсээ хойш ажлын 3 хоногийн дотор томилолтоор ажилласан тухайгаа илтгэх хуудсаар газрын даргад тайлагнах ба газрын дарга албан хаагчийн ажлыг дүгнэж, зардлыг олгох тухай зөвшөөрлийг нягтлан бодогчид өгнө.
  • Албан томилолтоор ажилласан албан хаагч албан томилолтоор ажилласан тайлангаа байгууллагын шуурхай хурал дээр мэдээлэх ба шаардлагатай гэж үзвэл даргын зөвлөлийн хуралд мэдээлэл хийнэ.
  • Албан хаагч удирдамжид заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, биелүүлээгүй бол томилолтын хугацааны бүх зардлыг бүрэн буюу тодорхой хувийг төлүүлэх асуудлыг газрын дарга шийдвэрлэнэ.
  • Томилолтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хугацааны байр, зам хоногийн зардлыг олгохгүй.
  • Тухайн жилийн төсөвт гадаад томилолтын зардал батлагдсан тохиолдолд эсхүл удирдах дээд байгууллагын шийдвэрээр гадаадад ажиллах бол тухайн шийдвэрийг үндэслэн томилолт олгоно. Томилолтын биелэлтийг ирснээс хойш ажлын 7 хоногт багтаан тайлагнана.
  • Томилолтын зардлыг албан хаагчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилан олгож болно. Томилолтын урьдчилгаа аваад гүйцэтгэсэн ажил хангалтгүй үнэлэгдсэн, урьдчилгааны үлдэгдлийг төлөөгүй албан хаагчийн цалингаас үл маргах журмаар суутган тооцно.
  • Томилолтоор ажиллах албан хаагч аюулгүй байдлыг хангасан нийтийн тээврийн болон зөвшөөрөл бүхий албан ёсны үйлчилгээний тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэх ба шөнийн цагаар /2200-0600/ зорчихгүй байхад анхаарна.

АРВАН ХОЁР. АЛБАН ХААГЧИД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ

  • Албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, бусад дэмжлэг, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олгох ба түүнд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт урьдчилан тусгана.
  • Тухайн жилийн төсөвт багтаан албан хаагч шинээр гэр бүл болох, гэр болон орон сууцанд ороход, гэр бүлд шинээр хүүхэд мэндлэх, үрчлэн авах тохиолдолд 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
  • Төрийн дээд одон медалиар /ойн медаль хамаарахгүй/ шагнагдсан тохиолдолд тухайн шагналыг дагалдан ирэх мөнгөн урамшууллыг, мөнгөн урамшуулал дагалдахгүй шагналд 100.000 хүртэлх төгрөгийн урамшуулал үзүүлнэ. /Тухайн жилийн тэтгэмж, урамшууллын зардлын батлагдсан хэмжээнд багтааж/

          12.5. Албан хаагч өвчний улмаас яаралтай хагалгаанд орох, гадаадад эмчлүүлэх болсон тохиолдолд эмнэлгийн байгууллагын дүгнэлт магадлагааг үндэслэн 200,000 хүртэлх төгрөгийн тусламж үзүүлнэ. /Тухайн жилийн тэтгэмж, урамшууллын зардлын батлагдсан  хэмжээнд багтааж/

          12.6. өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон төрсөн аав, ээж, ах эгч, дүү, үр хүүхдээ тэтгэх шаардлага гарсан тохиолдолд 300,000 хүртэл төгрөгийн тусламж үзүүлнэ. /Тухайн жилийн тэтгэмж, урамшууллын зардлын батлагдсан хэмжээнд багтааж/

          12.7. Гэр бүлийн орлого буурсан болон албан хаагчийн эхнэр, нөхөр, хүүхэд, үрчилж авсан хүүхэд, эцэг, эх,/хадам/ ах, эгч, дүү нь нас барсан тохиолдолд 200,000 төгрөгийн тусламжийг тус тус үзүүлнэ.

          12.9. Албан хаагчид тусламж үзүүлэхдээ холбогдох баримт бичиг, газрын даргын тушаалыг үндэслэнэ.

АРВАН ГУРАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ

          13.1. Байгууллагад үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж буй албан хаагчийг төр засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлж болно.

          13.2. Байгууллагын шилдэг албан хаагчийг тухайн жилийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, нийгмийн идэвхи оролцоо, харилцаа, хандлагыг харгалзан шалгаруулан шагнаж урамшуулах ба шагналын хэмжээг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тухай бүрт шийдвэрлэж байна./Тусгай үзүүлэлтийн дагуу/

          13.3. Нийт албан хаагчдад өдрийн хоолны үнийн хөнгөлөлт, ажилдаа нийтийн тээврээр ирж очдог бол унааны зардлын хөнгөлөлт олгоно.

Арван дөрөв. дотоод хяналт, дэг журам, сахилгын шийтгэл оногдуулах

            14.1. Захиргааны нэгдсэн удирдлагаар хангах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг Хяналт-шинжилгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлж, газрын даргыг мэдээллээр тухай бүр ханган ажиллана.

            14.2. Дотоод хяналт нь батлагдсан журмын хүрээнд дор дурьдсан чиглэлтэй байна. Үүнд:

14.2.1. Гүйцэтгэлийн төлөвлөгөө, гэрээ, үүрэг даалгаврын гүйцэтгэл;

14.2.2. Ажилтан, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага;

14.2.3.Газрын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг, ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргийн хэрэгжилт, хөдөлмөрийн зохион байгуулалт;

14.2.4. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт;

14.2.5. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч, хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хамгаалалтын байдал;

       14.3. Дор дурьдсан тохиолдлуудад төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

           14.3.1. Энэхүү журмын 8.1-д заасан хориглосон заалтыг зөрчсөн;

           14.3.2. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан

           14.3.3. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн;

           14.3.4. Албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;

           14.4. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг өөрт нь мэдэгдэнэ.

           14.5. Дараах тохиолдолд Сануулах шийтгэлийг оногдуулна.

           14.5.1. Хүндэтгэх шалтгаангүйгээр удирдлагаас зөвшөөрөл авалгүй ажлын байрыг 4 хүртэл цагаар орхигдуулсан;

           14.5.2. Байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш оролцоогүй тохиолдолд

           14.5.3. Нэг сарын хугацаанд цаг бүртгэгч болон бүртгэлийн төхөөрөмжид 4 болон түүнээс дээш удаа бүртгүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1-2 өдрийн ажил тасалсан.

           14.5.4. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй.

           14.6. Дараах тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах шийтгэлийг оногдуулна.

           14.6.1. Хугацаатай албан бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр хоцроосон, чанаргүй мэдээ, тайлан гаргаж хүргүүлсэн;

           14.6.2. Удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байгууллагын болон өөрийн албан ажилтай холбоотой сөрөг мэдээлэл нийтлүүлсэн, ярилцлага өгсөн;

           14.6.3. Албан тушаалын эрх мэдлээ өөрийн болон бусдын хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан

           14.6.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчсөнөөс байгууллага болон төрийн албаны нэр хүндийг унагасан;

           14.6.5. Албан хэргээ явуулахад аливаа хэлбэрийн хувийн ашиг сонирхлын зөрчил үүссэн байдлыг мэдсэн атлаа татгалзаагүй, шийдвэр гаргахад нөлөөлсөн, оролцсон, төсөл боловсруулсан

           14.6.6. Өөрт цохогдоогүй албан бичиг боловсруулсан, хариу өгсөн;

           14.7. Дараах тохиолдолд ажлаас чөлөөлөх, халах шийтгэлийг оногдуулна.

           14.7.1. Албан тушаалын тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;

           14.7.2. Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг удаа дараа /2 буюу түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн;

           14.7.3. Шууд удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хүртэл хоногийн ажил тасалсан; /Дараалсан хоногууд биш байж болно./

           14.7.4. Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д заасан хориглох заалтыг зөрчсөн;

           14.7.5. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхийн шийдвэр гарсан.

           14.7.6. Зөрчил гарган хууль зөрчсөн үйлдэлд нь холбогдох эрх бүхий байгууллагаас хариуцлага оногдуулж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон.

          14.7.7. Хуурамч бичиг, баримт санаатайгаар үйлдэж, мөнгө, эд хөрөнгө завшсан.

           14.7.8. Албан хаагч албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан, авлига авсан.

           14.7.9. Хуульд заасан бусад үндэслэлүүд;

              14.8. Албан хаагч эрүүл мэндийн шалтгаанаас албан ажлаа хийхгүйгээр 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон,  цэргийн алба хаах болсон, 6 сараас дээш хугацаанд сургалтаар бэлтгэгдэх болсон, гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас түр чөлөөлнө.

АРВАН ТАВ.  БУСАД

  • Нийтээр тэмдэглэх дараах арга хэмжээг багууд хариуцан зохион байгуулна. Үүнд:
    • Cap шинийн баярыг тохиолдуулан золголт зохион байгуулах;
    • Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж cap шинийн баяр болон ахмадын өдрийн баярыг тохиолдуулан ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл илэрхийлж бэлэг дурсгалын зүйл гардуулах;
    • Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан байгууллагын эмэгтэйчүүдэд хүндэтгэл илэрхийлж, бэлэг дурсгалын зүйл гардуулах;
    • Хүүхдийн баярыг тохиолдуулан албан хаагчдын 16 хүртэл насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, 1 өрхөд 30,000 /гучин мянга/ хүртэл төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулах;
    • Байгууллагын албан хаагчдын дунд цасны баяр, эрүүл агаар-явган аялал, спортын өдөрлөгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу тус тус зохион байгуулж, уралдаан, тэмцээнд түрүүлсэн албан хаагчдад дурсгалын зүйл гардуулах
    • Байгаль орчныг хамгаалах, ойжуулах ажлын хүрээнд мод тарих арга хэмжээг жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулна.

15.3. Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

           15.4. Энэхүү журмыг албан хаагчдын хурлаар хэлэлцүүлэн газрын даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг болон мөрдөгдөнө.

——–оОо——–